Квадрат метрийн тариалан
Швейцар лугаа адил хөгжинө
Төв аймгийн Лүн сумын ИТХ-аар баталсан
“Цэцэглэн хөгжих 10 жилийн төлөвлөгөө”-ний үндсэн агуулга
1/ Сумын сургуулийн материалаг бааз болон багш мэргэжилтэнд түшиглүүлж Технологи дамжуулан түгээх ШБОС төвийг байгуулах
2/ Монголын ахмадын холбооны сумын салбартай хамтран ажиллах замаар тэтгэвэрт гарсан хүмүүсийг жимс, ногоо ургуулах анхан болон ахисан шатны Агро-сургалтад хамруулах
3/ Сургуулийн дэргэдэхи “Эко” клубыг “Эко-Агро” болгож өргөтгөөд байгаль хамгаалах, мод үржүүлэх сэдвийн хичээл дээр нэмээд хүнсэнд хэрэглэдэг ургамал тарьж сургах. Ингэснээр, хүүхдүүд эмээ овоо нартаа туслаад тэд хамтдаа зуны гурван сард их хэмжээний ургац хураахын төлөө хичээж зүтгэнэ. “Амьдрах ухааны хичээл”-ийг сургуулийн хөтөлбөрт чухалчлан оруулсанаар цаашид хүүхдүүдэд бие даан өөрийгөө авч явахад нь хэмжээлэшгүй их хэрэг болно. Клубын гишүүн сурагчид туршилт явуулж байх (6м х 10м) хэмжээний хүлэмжийг сургуулийн дэргэд барьж өгнө.
4/ Сумын эмнэлэг болон эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохих хөрөнгийг гаргаад аль нэг хоолны газартай гэрээ байгуулсаны үндсэн дээр тэнд нь жимс ногоог хатааж давслах, даршилж нөөшлөх, мөн амтат зууш, сувиллын болон бага насны хүүхдийн хоол бэлтгэлийн сургалтыг тогтмол явуулах
5/ Эрчүүдэд өвөл зуны хүлэмж барих, хашаандаа зоорь малтах, борооны ус тогтоож нөөцлөх зэрэг өрхийн бичил үйлдвэрлэлийн арга барилаас өргөн хүрээнд тууштай эзэмшүүлэх
6/ Усалгааг шийдвэрлэх зорилгоор айлуудын захиалгаар ус зөөж савыг нь дүүргэж өгдөг цистер машинтай болох
7/ Хашаандаа ногоо ургуулах боломжгүй айлуудад зориулж сумын төвөөс холгүй хамтын талбай хэлбэртэй “Агропарк”-ийг 5 га газарт байгуулах бөгөөд 2 талд нь худаг гаргах ба камертай, шөнийн харуултай байна.
1 өрхөд 6м х 10м (60кв.м) хүлэмж тавих боломж олгоно.
“Агропарк”-д ажиллахын давуу тал:
- Усны хагамжтай
- Мэргэжлийн агрономоос тогтмол зөвлөлгөө авна
- Бусад ногоочид жимсчидтэй тэргүүн туршлагаасаа солилцож хуваалцах
“Агропарк”-ийг ажиллуулахдаа английн “Allotments Garden” болон америк, австралийн хот, суурин газрын “Community Garden” нийгэмлэгүүдтэй онлайн холбоо тогтоож тэдний арга барилаас суралцана. Зөвхөн Чикаго хотын ойр хавьд гэхэд л 600 нийтийн талбай бүхий “Агропарк” байгуулжээ.
8/ Хөтөлбөр төлөвлөгөөний үндсэн зорилго нь сумын төвийн айл болон малчин өрх хоорондоо бие биесийг дэмжин хоршиж ажиллах боломжийг төрүүлж өгч байгаад оршино.
Швейцар, Германы фермерүүд 1980-аад оноос хотын айл өрхүүдтэй хаварын эхэн сард гэрээ байгуулж урьдчилгаа мөнгө аваад зунаас ургац гараад ирэхэд хүргэж өгдөг болжээ. Ингэснээр, банкнаас зээл авалгүйгээр санхүүжих болсон байна.
Эл туршлагыг монголын хөрсөнд буулгаж хэрэгжүүлэх аваас сумын төвийнхөн малчидаас өвлийн идэш авах талаар гэрээ байгуулж болох юм. Энэ тохиолдолд хурааж авсан жимс ногоог зоорилж найдвартай хадгалаад дараа жилийн ургац хүртэл сардаа 2 удаа шинэ хүнс хүргэж өгнө. Ийнхүү, жимсчин ногоочид ба малчидын харилцан ашигтай байх хамтын ажиллагааг хоршиж хөгжих бүтээлч хэлбэрээр үүсгэж бэхжүүлнэ
9/ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Чон-хи 1960-иад онд идэвхи чармайлттай яваа суурин тосгодод цемент үнэгүй өгч урамшуулдаг байсан жишээгээр манай сумын хашаандаа жимсний мод, бут сөөг тарьж олон төрлийн ногоо ургуулаад хүнснийхээ хэрэгцээнд нэмэрлэж буй айлуудыг Өрхийн бичил үйлдвэрлэл (ӨБҮ)-ийн зээлд хөнгөлттэй нөхцөлөөр хамруулах болно.
10/ Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө буюу VIII сарын сүүлчийн Бямба гарагт өвөө эмээ нар болон тэдний ач гучыг хамруулаад Ургацын баяр тэмдэглэдэг болох. Зундаа хүлэмж талбайд идэвхтэй ажилласан хүүхдүүдийн дунд урлаг спортын тэмцээн зохион байгуулаад шагнаж урамшуулвал сурагчдын идэвхи сэргэж улмаар дараа жилийн хаварын их ажилд бэлтгэн шинэ зүйл сурч мэдэх идэвхи тэмүүлэл нь өснө.
(“Orange news”, 2025 оны 4-р сар)