Багануурын банана амттай байна
Стокгольм дахь Шведийн хааны нэрэмжит Технологийн дээд сургуулийн судлаач Bjorn Oliviusson 2012 оноос geodome greenhouse нэртэй энэхүү хүлэмжийг ажиллуулж халуун орны жимс ургуулах туршилтыг хийж байна.
Өнгөрсөн хугацаанд 31 орны 13000 хүн түүний ажлыг ирж сонирхожээ. Сургуулийн хүүхдүүд анги бүлгээрээ орж ирэхээс гадна алс холын Египт зэрэг орноос ч хүмүүс дуу дуугаа авалцан хүрэлцэн ирж танилцасаар байна.
Манай сурвалжлагч Багануурын өвлийн хүлэмжний агрономч Б.Чанцалдуламтай уулзаж дараахи зүйлийг тодруулан асуулаа.
- Танайх сонин сайхан ажил эхлүүлэж байгаа юм байна. Үүнийхээ талаар товчхон танилцуулна уу
- За, тэгъе. Ер нь бол одоогоор улсын хэмжээнд 16 мянга гаруй өрх ба 1.5 мянган аж ахуйн нэгж газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Тэд 2020 онд буюу 2 жилийн өмнө ойролцоогоор 600 мянган га газарт тариалалт хийж байсан ба 75%-д нь үр тариа, үлдсэн 25%-д хүнсний ногоо, тэжээлийн ба техникийн ургамал тарилж байв. Үүний дотор хүлэмжийн аж ахуй маш бага хувьтай байлаа. Тэгээд бид энэ хүлэмжийн буюу хамгаалалттай хөрсний тариалалтад онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй гэж бодсон.
- Тэр нь ямар шалтгаантай вэ?
- Дэлхий дээр Монгол шиг ийм их нүүрсний ордтой орон цөөн байгаа. Манайх нөөц баялагаараа эхний 15-д багтдаг. 19 аймагт 170 гаруй нүүрс олборлолтын зөвшөөрөлтэй компани байна. Ганц Говь-Алтай аймаг гэхэд л том жижиг 27 ордтой. Нүүрс байхад дулааны ямар ч асуудалгүй. Хэрэв өвөл зунгүй нэмэх 30С градусыг бариулж чадвал халуун орны бүхий л жимсийг ургуулах боломжтой шүү дээ.
- Зөвхөн дулаан байхад хангалттай юу? Ямар нэгэн өөр нөхцөл шаардагдахгүй гэж үү?
- Дулаан орчныг л бүрдүүлсэн байхад хангалттай юм билээ. Бид бас эргэлзэж байсан ч Англи, Норвеги, Шведийн жишээг үзэж хараад урам орсон. Тэнд хүлэмжинд гадил жимсийг 10-аад жилийн өмнөөс ургуулаад эхэлсэн байна. Мод нь 3м-ээс илүүгүй учир төвөггүй, их амар. Хүлэмжний суурийг доош 1м ухсан байхад бүр ч найдвартай болоод ирнэ. Ердөө 2 метрийн өндөр хүлэмж л хэрэгтэй.
- Одоо ажил яг ямар шатандаа явж байна?
- Бид хүлэмжээ барьчихлаа, Багануурын нүүрсний компанийн захиргаа өөрсдөө их сонирхолтой байгаа. Учир нь, уурхайчдын эхнэр болон өндөр настан аав ээжүүд ажилтай болж байна. Уржинан жил коронагийн үед сонгууль монгууль гээд хүмүүс эд бужигнаад л улс төржиж байхад бид энэ ажлаа эхэлж байсан. Ажил маань амжилттай явагдаж байгаа болохоор шинээр сонгогдсон Ерөнхийлөгчдөө танилцуулъя гэж бодож байгаа.
- Ургуулахад хэцүү зүйл юу ажиглагдав?
- Авууштай нь, хүнд хэцүү зүйл гэж бараг үгүйтэй адил юм. Гадил чинь мод биш харин дэлхийн хамгийн аварга том өвс юм байна штэ. Үндэс нь улаан лооль, өргөст хэмх шиг богинохон, хол явахгүй, 50 см өндөртэй сав байхад л болно доо. Тиймээс, гэрэлтүүлэг сайн өгсөн байхад албан тасалгаанд ч ургана.
- Ургацаа хэзээ хураах бол?
- Нэг их удахгүй байх аа, ургацын баяр хийнэ дээ. Шведэд 11 сарын дотор жимсээ өгсөн байна лээ. Нэг мөчрөөс 30 орчим кг ургац, нэг модноос наанадаж 100 ширхэг жимс хурааж авна гэж найдаж байна. Манай энэ жишээгээр Адуун чулууны уурхайд ананас буюу хан боргоцой, Шарын голд шаргал жүрж, Налайхад нимбэг ургуулахаар болж байгаа. Удахгүй Хэнтийн 8, Дорнодын 15 нүүрсний компаниуд энд ирж семинарт оролцоно. Бид хийж бүтээсэн туршлагаасаа үзүүлж танилцуулна.
(“Orange News“, 2025 оны 2-р сар)
Dwarf Cavendish гэдэг Африк тивийн дэргэдэх Канарын аралуудаас үүсэл гаралтай сортыг ургуулж байгаа. Канарын аралууд дээр 10-12 сар ургаж 25-50 кг жимс өгдөг бол Шведэд 11-13 сарын дараа 26-32 кг ургац хураан авчээ. Үр дүн нь бараг л яг адил! Нийтдээ 122 кг ургацыг 1 жилд авчээ. Чамлахааргүй сайн амжилт болж байна.
АНУ-ын Хойд Дакота мужийн Дакота коллежийн хүлэмжинд гадил жимсийг ургуулж туршиж байгаа нь. Банана нь мод биш өвс юм болохоор үндэс нь хөрс рүү гүн явахгүй, талбай бага эзэлнэ.